Uncategorized

ХҮЧТЭЙ ОХИД УЙЛДАГГҮЙ ГЭХ ӨРӨӨСГӨЛ ОЙЛГОЛТООС БОЛЖ СЭТГЭЛ ГУТРАЛД ОРСОН

20 жил сэтгэл гутралтай амьдарсан ч түүнийгээ ялан дийлж сэтгэл судлалаар суралцаж сурсан мэдсэнээ хүмүүст “Зуршил бүтээх групп”-ээрээ дамжуулан хуваалцдаг сэтгэл судлаач, сургагч багш Б.Эрдэнэтуяаг бид энэ удаагийн гашуун яриа нэвтрүүлгийн ярилцлагыг хүргэж байна.

Та өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг Бэгзжавын Эрдэнэтуяа гэдэг. Маркетингийн мэргэжлээр 20-иод жил ажиллаж байгаад сүүлийн гурван жилийн хугацаанд сэтгэл судлалаар сурч бакалавр хамгаалж байна.  Шинэ эзэмшсэн мэргэжлээрээ өөрийнхөө амийг аварсан гэж хэлж болох байх.  

Яагаад маркетингаас сэтгэл судлал руу шилжиж сурахаар болсон бэ?

Дээр үед шилэн тариур чанаж тарьдаг байсан. Хуванцар тариур гэж байгаагүй. Ээж минь тариураас шар өвчин аваад 13 настай байхад минь өнгөрсөн. Ээж маань насгүй хүн гэдгээ мэддэг байсан. Аав минь хүнд их хайр зориулах дуртай хүн байсан. Энэ хоёр хүн намайг үлдэнэ гэж бодоод маш их хайрласан. Тэгээд ээж, аавыгаа алдсаны дараа яагаад сэтгэл гутралд орж ингэж хүндээр тусгаж авсан бэ гэхээр тийм их хайрыг үзээд алдчихаар боож үхмээр санагддаг юм билээ. Яагаад гээд л ерөөсөө хүлээн зөвшөөрч чадахгүй.  Дахиад нэг л удаа уулзах юмсан. Бөө дээр очихоор ч гэсэн ээж нь ингэж хэлүүлж байна, аав нь ингэж хэлж байна гэхээр дахиад юу гэж байна гээд л горьдоод гуйгаад л байдаг. Би 30 гартлаа хүлээн зөвшөөрч чадаагүй. Бөө дээр очоод юу гэж байна гээд асуудаг тийм л байсан. Эхээс бид гурвуулаа. Намайг 16 настай үлдэхэд хоёр ах маань хорин хэдтэй залуучууд л үлдсэн.  Бид нар ер нь бүгдээрээ л амьдралд хөл алдсан. Ээж аав хоёулаа гэнэт байхгүй болчхоор гурвуулаа л барьц алдсан. Том ах маань гадагшаа яваад сүүлийн жилүүдэд нь холбоо барихгүй байж байгаад араас нь очсон чинь бие нь муудаад өнгөрсөн байсан. Аав, ээж, ах маань  залуугаараа өнгөрсөн нь их харамсалтай санагдсан. Үүнээс би хүний амьдрал гэдэг чинь дуусахаа хүрвэл хурдан л юм байна шүү дээ. Юм цуглуулаад, хувиа хичээгээд л байдаг. Хэзээ жаргахаа мэдэхгүй дараа жаргана гэж бодоод л хүмүүс амьдраад байдаг. Нэг л өдөр ингээд дуусчихдаг юм байна гэдгийг амьдрал маш их үнээр ойлгуулсан. Тэгээд өнгөрсөн 20 жилийн хугацаанд сэтгэл гутралтай амьдарсан. Харин өөрөө бие дааж сэтгэл гутарлаа даваад сэтгэл зүйн  чиглэлээр суралцаад явж байна.

Таны хувьд өнгөрсөн хугацаанд хүндрэлтэй зүйлс олон тохиолдож байв уу?

Анх сарын тэмдэг ирэх, хөх ургах, найз залуутай болох гээд тэр үеүдэд яахаа ч мэддэггүй байсан л даа. Би санадаг юм. Анх сарын тэмдэг ирээд ангийнхаа охидуудтайгаа хамт явж байгаад найз охиноосоо ариун цэврийн хэрэглэл хаанаас авдаг вэ? гээд шивнээд асуусан чинь чанга инээгээд тэгсэн нөгөө хэд нь юу гэнэ үү гээд нууцаар асуусан чинь ариун цэврийн хэрэглэл хаанаас авдаг юм гэнээ гээд бүгдээрээ инээхэд нь  их ичмээр санагдаад дотор шархирч байсан. Бүгдээрээ л ээжээрээ заалгуулсан мэддэг болчихсоноо юу ч бодохгүй ярьж байгаа шүү дээ. Тийм үед ээжийгээ маш их санадаг байсан. Бага байхад гудмаар зам гарч байхад машинтай залуучууд  гараа цонхоороо гаргаад биеэс барих, үснээс зулгаах, хөх, өгзгөнд хүрэх тохиолдол гарч байсан. Нэг удаа зам гарч байхад машинаас гараа гаргаж ирээд намайг бариад авсан чинь би цочоод урагшаагаа үсрэхдээ эсрэг урсгалын машины урд ороод нөгөөдөх нь тулж ирээд л зогсож байсан. Тэгэхэд их айж байсан. Ер нь таньдаг хүмүүс, найз нөхдүүд мэндлэхдээ хүнийг өөртөө биендээ нааж тэврэх, эсвэл бэлхүүсээр гараа оруулаад худлаа найзаа гээд тэврэх, тоглоомоор хүний эмзэг газруудад цохих, хүрэх, илэх зэрэг ийм байдлууд үүсэж байсан.  Ажил дээр ч байсан. Ер нь  зөндөө байсан ажлаасаа дандаа гарсан. Сэтгэл гутралтай хүн Монголд амьдрахад хэцүү. Хүний эрхийг маш их зөрчдөг, маш их иргэнээ хохироодог. Иргэд нь иргэдээ хохироодог үүнийгээ өөрсдөө яагаад гэдгээ ч мэддэггүй.

Хүмүүсээс сонсож байсан ямар үг танд таагүй санагдаж байсан бэ?

Гуравхан жилийн дотор 16 настай би гэр бүлээсээ хайртай гурван хүнээ алдчихсан. Тэгээд лам дээр очоод хойдох, буян гээд явахаар хойноос нь битгий уйлаад шаналаад байгаарай. Сүнс нь амирладаггүй юм. Найз нөхөд, ойр хавийн хүмүүс битгий уйл гэнэ. Би маш их санаад уйлаад байдаг байсан л даа. Манай ах Тукана битгий уйл л даа. Чамайг уйлахаар надаа хэцүү байна гээд л тэр нь бас үнэн л дээ. Ахыгаа бодоод уйлахаа больсон.  Бүх ирж байгаа мессежүүд чанга охин уйлдаггүй, хүчтэй бай, чанга бай гээд би үнэндээ 20 жил чанга л байсан. Энэ чанга байх гэж хичээсэн уйлдаггүй байсан, биеэ хүчээр барьсан тэвчиж ирсэн он жилүүд сэтгэл гутралыг улам хүндрүүлсэн.  Би арван жилийн нэг сайн найздаа үхмээр санагдаад байдаг болчихлоо. Би тэмцэхээс залхаж байна гээд ярьсан. Тэр найз мааньТукана солиорчихжээ яанаа, яаж туслах уу гээд олон хүнд ярисан байсан. Тэрийг сонсоод өөртөө итгэх итгэлгүй болоод бүүр сэтгэлээр унасан. Дахиж хүнд сэтгэлээ ярихыг ч хүсээгүй, яриа ч үгүй.

Сэтгэл гутралд орчихсон байхад танд ямар шинж тэмдгүүд илэрч байсан бэ?

Бүх зүйл хийхэд хэцүү санагдана. Аягатай ус барихад ч хүнд санагдаад, аягаа угаах гээд тавихын хооронд хэцүү санагдана бүх юман дээр л ийм мэдрэмж төрнө. Босоод хөдлөх, ариун цэврийн өрөө орох, усанд ороход хүртэл яг л тэгж санагддаг. Сэтгэл гутралд орсон хүний шинж тэмдэг гээд жагсаачихсан байдаг. Үүний нэг шинж тэмдэг нь өөрийгөө арчлахаа больж эхэлдэг. Харандаагаа аваад хөмсгөө зурахад хүртэл гар хүнд болоод байдаг.  Бие цаанаасаа удирдагдахгүй. Тархи биеэ хаячихдаг. Үүний эсрэг маш их хүчээр тэмцэж байж босож яваад хэвийн хүн шиг харагддаг. Үүнээс болж маш их туйлдаж, ядардаг.  Шөнө хар дарж зүүдэлнэ. Унтсан ч сайн унтсан болохгүй. Босож явахаар толгой эргэнэ. Хэвтээд суугаад байвал гайгүй.  Сэтгэл удаан өвдөхөөр бие ч гэсэн дагаад өвчилдөг юм билээ.

Таныг ойр дотнынхон тань тайтгаруулах үг, үйлдэл хийж байсан уу? Хүмүүсийн ямар хандлагыг буруу гэж боддог вэ?

Чи ганцаараа зовоогүй шүү дээ, хүн нас барж л байдаг. Зүгээр шүү дээ, хүн болгон л зовлонтой битгий уйл гэдэг тийм үгнүүдийг сонсохоор үнэхээр зүрх зүсэгдэж байгаа юм шиг санагддаг байсан.  Сэтгэл судлал үзээд ойлгосон зүйл бол хүн заавал том зовлон үзэхээрээ том өвддөг. Жижиг зовлон үзэхээрээ жижиг өвддөг байх албагүй.  Өөртөө тулгарсан зүйлээс хэр их өвдөлт мэдэрч байгаагаас шалтгаалаад тэр өвдөлт үнэн л гэсэн үг.

Одоо ингээд бодоход та юунд их харамсаж  байна вэ?

Хоёрдугаар курс төгссөн жилдээ 18 насандаа рок стильтэй болчихсон. Чихээ хоёр цоолоод, хүзүүн дээрээ шивээс хийлгээд, хүзүүний зүүлтний кулон сүхний хэлбэртэй болоод, десантан эрээн хувцас өмсөөд дал нь гарсан майк өмсөөд яакны зах босоо болоод тэгээд “Рамшштайн” гэдэг хамтлаг сонсоод би нэг жил л тийм байсан. Намайг тийм болоход хүмүүс Тукана рок сонсдог болчхож рок хөгжим ямар байдаг вэ? гээд инээлдээд л өнгөрсөн. Гашуун үнэн гэх юм бол  Монголд сэтгэл зүйн тусламж үйлчилгээ байхгүй. Бүгдээрээ маш буруу ойлголттой.  20 жил сэтгэл гутралаа хүндрүүлсэн энэ бол үнэхээрийн харамсалтай байсан. Хөгжилтэй оронд байсан бол эхний нэг эсвэл хоёр дахь жилдээ шууд тусламж аваад намайг рок болоод л стилээ өөрчлөхөд кинон дээр гарддаг шиг сэтгэл зүйчтэй уулзуулах байсан байх.  Сэтгэл зүйчтэй уулзуулаад тэр үед гашуудуулаад, уйлуулбал уйлуулаад бүх  мэдрэмжийг гаргасан бол би 20 жилийнхээ 18, 19-д нь арай өөрөөр амьдрах байсан болов уу гэж боддог.

Зуршил бүтээх группээрээ дамжуулж хүмүүст маш олон хэрэгтэй мэдээлэл хүргэдэг шүү дээ. Группийнхээ талаар яривал?

Групп ажиллуулаад л Монгол даяар сэтгэл гутралтайгаа хэлээд сэтгэцийн өвчтэй боллоо гээд зарлаад суухад олон найз нөхдийн маань санаа нь зовсон. Тукана тэгж ярихаа болио чамайг хүмүүс юу гэж бодох юм бэ, чи хамаг ирээдүйгээ баллах гэж байна боль гэж байсан. Яагаад хийж эхэлсэн бэ гэхээр би өөрөө сэтгэл гутралаас болж маш их өвдөлт мэдэрсэн. Үнэхээр юу гэж зүйрлэж ярихаа мэдэхгүй байна. Хавдрын тариа хийлгээд болъё гээд бууж өгч байгаатай адилхан. Маш олон хүн надтай адилхан энэ өвдөлтийг мэдэрч яваа эсвэл болзошгүй юм байна. Тийм учраас миний нэр хүнд, ирээдүй энэ олон хүнд туслах боломжийн хажууд жижигдэж байна даа гэж бодоод анх зориг гаргаад группээ үүсгэн байгуулаад лайв хийсэн. Надад хайртай хүмүүсийн санаа зовсон шиг нийгэм тийм муухай хүлээж аваагүй. Маш гоё хүлээж авсан.  

Ер нь сэтгэл гутралаас сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?

Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг арга бол амьдралын эрүүл хэв маяг.  Өөрийгөө таньж мэдээд өөртөө тохирсон амьдралын хэв маяг бүтээнэ. Миний хувьд маркетингийн чиглэлээр ажилладаг байхад их гүйдэг ачаалалтай ажил хийдэг байсан. Харин одоо багш, сэтгэл судлал руу өөрийгөө хувиргасан. Энэ нь өөртөө ачаалал аваад ачааллаад нөгөө өвчнөө сэдрээгээд өвтгөөд байдаг тэр амьдралын хэв маягаас бүрэн гарч өөр амьдралын хэв маягтай болж байгаа юм. Их сургуульд сураад сурсан зүйлээ бусадтай хуваалцдаг болоод дөнгөж л эхэлж байгаа. Хэрвээ та эрүүл байгаа бол  эрүүл амьдралын хэв маягт эртхэн нэгдсэнээр сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалж чадна. Хэрвээ та өвдчихсөн   яаж эмчлэх аргаа олохгүй байгаа бол амьдралын  хэв маягаа солиорой.

Related Articles

Back to top button