Uncategorized

Нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй тул нэмэлт санал хураалт явуулахаар боллоо

Улсын Их хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа өнөөдөр 07:00-22.00 цагийн хооронд үргэлжилж дууслаа.

Энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид оролцож, саналаа өгөв.

Нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй тул нэмэлт саналт хураалт явуулахаар боллоо. “Өнөөдөр санал өгөөгүй сонгогчид нэмэлт санал хураалтад оролцоно. Өнөөдрийн бүх саналын хуудсыг гараар 100 хувь давхар тоолно. Үлдсэн саналын хуудсыг лацдана” гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Сонгуулийн ерөнхий хороонд 22:00 цагийн байдлаар нийт 148 хэсгээс 22 цагийн ирцийн мэдээ иржээ. Хөдөө сум, баг төвөөс зайтай оршдог санал авах байрууд 22:00 цагт хаалгаа бариад саналын тоог илгээж байгаа аж.

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор  1997 оноос хойш нөхөн сонгууль явуулах болсон.

  • 1997 онд 21 дүгээр тойрог буюу Завхан аймагт Н.Энхбаяр /МАХН/ -72,63 хувиар,
  • 1998 онд 37 дугаар тойрог буюу Төв аймагт Ц.Өөлд /МАХН/-63,61 хувиар, 53 дугаар тойрог Дархан-Уул аймагт Д.Цэвээнжав /МАХН/-58,29 хувиар, 17 дугаар тойрог буюу Дорнод аймагт С.Оюун /Ардчилсан холбоо эвсэл/-83,60 хувиар,
  • 2001 онд 22 дугаар тойрог буюу Завхан аймагт Д.Туяа /МАХН/- 92,29 хувиар,
  • 2002 онд 11 дүгээр тойрог Булган аймагт Б.Өвгөнхүү /МАХН/– 41,10 хувиар, 36 дугаар тойрог буюу Төв аймагт С.Батболд /МАХН/- 51,44 хувиар,
  • 2005 онд 65 дугаар тойрог буюу нийслэлийн Баянгол дүүрэгт М.Энхболд /МАХН/ – 77,18 хувиар,
  • 2006 онд 46 дугаар тойрог буюу Хөвсгөл аймагт Ө.Энхтүвшин /МАХН/ – 56,74 хувиар
  • 2009 онд 24 дүгээр тойрог буюу нийслэлийн Чингэлтэй дүүрэгт Д.Зоригт /МАХН/-60,37 хувиар тус тус нөхөн сонгуульд оролцжээ.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйл.

78.2.Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна.

78.3.Нэмэлт санал хураалтад санал нь тэнцсэн нэр дэвшигчдийг оруулах бөгөөд эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдыг нэмэлт санал хураалтад оролцуулна.

78.4.Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцно.

78.5.Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно.

78.6.Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах бөгөөд шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор зохион байгуулж явуулна.

Related Articles

Back to top button