Uncategorized

Коронавирусийн талаарх 7 чухал асуулт, хариулт

1. Жирэмсэн эмэгтэйчүүд хэвлий дэх хүүхдэдээ коронавирус дамжуулдаг уу?

Одоогоор жирэмсэн эхээс урагт вирус дамждаг эсэх, цаашид хүүхдэд хэрхэн нөлөөлдөг талаар хангалттай баримт байхгүй, уг асуудлыг нарийвчлан судалж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд вирусийн халдвараас өөрийгөө хамгаалахын тулд зохих урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн мөрдөж, халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй зэрэг шинж тэмдэг илэрвэл аль болох эрт эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.

2. Хэрэв таны хүүхдэд КОВИД-19 халдварын шинж тэмдэг илэрвэл юу хийх вэ?

Эмнэлэгт хандах шаардлагатай, гэхдээ ханиалгах, халуурах зэрэг КОВИД-19-ийн шинж тэмдэг нь элбэг тохиолддог ханиад, томуутай адилхан гэдгийг санаарай. Гарын болон амьсгалын замын эрүүл ахуйн заавар, дэглэмийг мөрдөж, гараа тогтмол угааж хүүхдээ бусад вирус, бактерийн гаралтай өвчин эмгэгээс хамгаалаарай. Ханиад, томуу гэх мэт амьсгалын замын бусад халдварын нэгэн адил шинж тэмдэг танд болон таны хүүхдэд илэрвэл эртхэн эмнэлэгт хандаж, бусдад тараахаас сэргийлэхийн тулд олон нийтийн газар (ажлын байр, сургууль, нийтийн тээвэр) явахаас зайлсхийгээрэй.

3. Коронавируст халдвартай эх хүүхдээ хөхөөр хооллоход аюулгүй юу?

Халдвар тархсан болон эрсдэлтэй бүсэд байгаа эхчүүдэд халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй байх зэрэг шинж тэмдэг илэрвэл аль болох эрт эмнэлгийн тусламж авч, эрүүл мэндийн байгууллагын зааврыг дагаж мөрдөх нь зүйтэй. Амьсгалын замын болон бусад вирус эхийн сүүгээр дамждаггүй зэргийг харгалзан үзэж эхийн зүгээс шаардлагатай бүх урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн хүүхдээ үргэлжлүүлэн хөхөөр хооллох хэрэгтэй.

4. Хэрэв өөрт чинь шинж тэмдэг илэрсэн бол ямар арга хэмжээ авах ёстой вэ?

Хэрэв халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдгүүд байвал аль болох гадаа гарахаас зайлсхийх хэрэгтэй. Бусад хүмүүстэй хамт байх эсвэл гадаа явахдаа маск зүүж, хүн ихтэй газруудаас зайлсхий. Өдөрт хоёр удаа (өглөө, орой) биеийн температураа шалга.  Хэрэв таны температур 37.5 хэм (99.5 ° F) ба түүнээс дээш байх, хүчтэй ханиалгаж, эсвэл амьсгалахад хүндрэлтэй байгаа бол орон нутгийн эрүүл мэндийн төв рүүгээ яаралтай хандаарай. Халдвар бусад хүмүүст тархахаас зайлсхийхийн тулд эрүүл мэндийн төвөөс заагаагүй л бол эмнэлгийн байгууллагад шууд очиж болохгүй.  Хэрэв танай гэр бүлийн хэн нэгэн өвчтэй бол түүнийг эрүүл хүмүүсээс тусдаа өрөөнд байлга. Тэр өрөө нь цонхоор агааржуулалт хийх боломжтой байх хэрэгтэй. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл, эсрэг арга хэмжээний талаар хуудсан дээр тайлбарлагдах болно.

5. “Ковид-19”-ийн халдвараар өвчилсний дараа урт хугацааны турш илэрч буй эрүүл мэндийн асуудал, шинж тэмдгүүдийн үед юуг анхаарах вэ? Дахин эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай юу? 

Өвдсөний дараа эдгэрээд гарах үед амьсгалын эрхтний үйл ажиллагааг үнэлэх хэрэгтэй. Тухайн өвчтөний ажил мэргэжлийн болон биеийн байдалд үнэлгээ хийх зайлшгүй шаардлагатай. Амбулаториор болон гэрээр хянагдсан өвчтөнүүдэд мөн адил үнэлгээ хийж, эмчээс зөвлөгөө авч цаашдын эрүүл мэндийн байдлыг нь тодорхойлох нь зүйтэй. Ингэхдээ юуны өмнө онлайн эсвэл утсаар биеийн байдлын талаараа зөвлөгөө авахыг зөвлөж байна.Хоёр дахь удаагийн үзлэгээр дахин эмчид үзүүлэх шаардлагатай эсэхийг тодруулах юм.

Амьсгалын эрхтэн талаас үйл ажиллагааны алдагдлыг үнэлэх, бусад эрхтэн тогтолцооноос шалтгаалсан мэдрэл танин мэдэхүйн талын алдагдлыг үнэлэх, зүрх судасны тогтолцооноос гарч буй хүндэрлүүдийг үнэлэх зэргээр нарийвчилсан үзлэг шинжилгээ хийж болно. Хэрвээ эдгээр үзлэгийн дараагаар эмчээс зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэсэн хэдий ч үргэлжлэн зовуурь илэрч, хүндээр өвдсөн хүмүүст 3, 6, 12 сарын дараагаар амьсгалын эрхтний болон уушгины эмч, бусад төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах шаардлагатай гэж үзэж байна.

6. Халдвар аваад эдгэрсэн иргэдийг гурван сарын дотор дахин шинжилгээ хийлгэхгүй байх зөвлөгөө өгсөн тухай мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд шинжилгээ өгвөл эерэг гарна гэсэн. Тэгэхээр эдгээд гарсан хүмүүс эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлага гарвал яах вэ. Эмнэлгүүдээр үйлчлүүлэхэд заавал шинжилгээний хариу шаардаж байгаа? 

Гурван сарын дотор шинжилгээ өгч болохгүй гэж албан бичгээр гарсан заавар, дүрэм журам байхгүй. Тухайн иргэн 14 хоногийн дараа ч, нэг сарын дараа ч шинжилгээ өгч болно.

7. Гурав дахь тунг хийлгэхдээ өмнө нь хийлгэсэн вакцинаасаа өөр вакцин хийлгэхэд хэр дархлаа тогтож байна вэ?

-Ялангуяа Астразенека вакцины дараа гурав дахь тунг Фпайзер хийх эсвэл Фпайзер вакцины дараа Астразенека хийх хоёрыг харьцуулж үзсэн байсан. Ингэхэд Астразенекагийн дараа Фпайзер хийх нь хамгийн өндөр дархлаа тогтоож байгаа судалсан байсан. Манай иргэдийн дийлэнх нь хийлгэсэн Вероселл болон Спутник вакцин дээр хийгдсэн нарийн судалгаа байхгүй байна. Вероселл вакцин дээр нэг судалгаа хийгдсэн байсан. Үүнд Вероселл вакцины эхний хоёр тун дельта хувилбараас хамгийн сайн хамгаалж байна гэж бичсэн байсан. Гэхдээ улс орон болгонд хийж байгаа судалгаанууд ямар хүнийг яаж сонгож авч судалсан, судалгааны арга зүй ямар байсан гэдгээс хамаараад судалгааны үр дүн янз бүр гарах боломжтой. 

Related Articles

Back to top button