Uncategorized

Д.Өнөрболор, П.Анужин нар “Хуулийн хулгай”-д өртөв үү, хууль санаачилсны мөнгөнд шунав уу?

Юм их энгийн. Ном журмаар нь л явчихвал болдог. Харин зальдвал засаж болохооргүй алдаа гарах нь бий. Тиймээс л “Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр” гэдэг үг гарсан биз. Өнгөрөгч амралтын өдрүүдэд улс төр бүхэлдээ улайслаа. Сонгинохайрхан, Хэнтийн сонгуулиас илүүтэй хоёр эмэгтэй гишүүний сошиал дахь мэдэгдлүүд улс төрийг халтал нь улайсгав. Өнгөц харахад хоёр шинэ, “ногоон”-оороо гишүүн зальдуулчихсан юм шиг боловч, ухаад үзэхэд өөр таамаглалууд гарч ирээд байна. Энэ тухай дэлгэрэнгүй өгүүлэхээс өмнө, учиг юу байсныг сануулах нь зүйтэй биз ээ. 

Хөрөнгө оруулалтын тухай гэсэн гоё нэртэй ч, нэдэр дээрээ үндэсний аюулгүй байдалд тун ч хор хөнөөлтэй байж мэдэх нэгэн төсөл УИХ-ын босго даваад ороод ирэв. Санаачлагч нь, 2020 оны сонгуулиар шинээр УИХ-д орж ирсэн Х.Ганхуяг, Д.Өнөрболор, Х.Булгантуяа, П.Анужин нар. Тэдний боловсруулж, санаачилж, УИХ-ын даргад гарын үсгээ бүгд зураад өргөн барьсан төсөлд ноцтой нэг агуулга явж байсан нь гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд байнга оршин суух тухай заалт. Энийгээр тайлбарлавал, хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг 50 мянган ам.доллар байхаар тухай юм. Ухаандаа 50 мянган доллар буюу 140 гаруй сая төгрөгтэй хэнбугай ч Монголд байнга оршин суух боломжийг нээж өгөх гэж байна. Хотын төвд хоёр өрөө ч байр авч хүрэхгүй мөнгөөр хөрөнгө оруулагч гэгдэж, бүр Монголд гэр бүлээрээ байнга оршин суух боломжтой болох нь. Тиймээс л энэ заалтыг тойрсон эсэргүүцлүүд хуурай өвсөнд шүдэнз зурсан юм шиг дүрэлзэж эхэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Энэ хуулийн төсөл Монгол Улсад байнга оршин суух виз олгох хууль болжээ. Яагаад гэвэл, хөрөнгө оруулалтын босгыг нь аваад хаячихсан. Нэг ам.доллар оруулахгүй байсан ч хөрөнгө оруулагч. 50 мянган ам.доллар төлөхөд л Монгол Улсад байнга оршин суух эрхтэй болох нь. Нэг тэрбум ам.доллар төлөхөд л манай улсад гадаадын 20 мянган иргэн байнга оршин суух эрхтэй болно гэсэн үг. Бид дэлхийн хоёр дахь эдийн засагтай зэрэгцэн оршиж байгаа шүү. Нэг тэрбум ам.доллар манайд л мөнгө болохоос тэдний эдийн засагт юу ч биш. Жилд 20 мянган хүн орж ирээд байвал Монгол Улс юу болох вэ. Улс орноо ингэж самарч болохгүй” гэсэн бол твиттерт жиргээч Ц.Бат “50 мянган доллар оруулсан гадаад орж ирээд жижиг дундын зах зээлийг л булаана. Үр дүнд нь ажлын байр нэмэгдэх биш харин ч хасагдана. Ядаж нэг сая долларын хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, Монголд байдаггүй шинэ ажлын байранд оруулж экспортын чиглэлээр ажиллавал тэднийг зөвшөөр” гэж бичсэн байв.

Харин сэтгүүлч Р.Эмүжин бусад улс гаднын хөрөнгө оруулагч нартаа байнгын оршин суух эрх авахад нь, үл хөдлөх хөрөнгө худалдан авах эсвэл хөрөнгө оруулалт хийх шаардлагатай дүнг фэйсбүүкээрээ хуваалцсан байв. Канад 1 сая доллар гэж байхад Монгол 50 мянган доллароор байнга оршин суух эрх авахаар төсөл учраас Р.Эмүжин “Монголд тосгоны ядуу хятад цагаачдыг хөрөнгө оруулагч гэж нэрлэж хоймортоо залах дүн нь $50,000. Хөрөнгө оруулагч нэрээр орж ирсэн хятадуудыг Цэдэнбал дарга шиг хөөж гаргаж чадах уу? Бид ядуу ч гэсэн эх орондоо эрх чөлөөтэй амьдармаар байна. Хулгайн хуулийн төсөл боловсруулсан гишүүдэд хүртэл нь эсэргүүцлээ илэрхийлцгээе!!! Монголчууд аа!!!” гэж бичсэн байлаа. Энэ бол нийгмийн байр суурь. Үзэл бодол гэхээсээ илүү урсгал дагаж хөвдөг болсон Монголын улстөрчид яг л тэр зангаа энэ төсөл дээр гаргасныг одоо хүргэе.

Энд төслийн сайн муу, сайхан муухайн тухайд бус бас нэгэн ноцтой асуудал байгаа учраас хөндөх гээд байгаа юм. Өөрсдөө гарын үсэг зурж, улмаар УИХ-ын даргад өргөсөн барьсан Д.Өнөрболор, П.Анужин нар олон нийтийн сүлжээнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар маш сонин байр суурь илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

Хуулийн төсөл боловсруулагдах явцдаа гишүүдийн санал, байр суурийг нэгтгэх хурал нэг ч удаа болоогүй. Энэ асуудлыг Байнгын хороонд оруулах гэж байгааг надад огт мэдэгдээгүй. Тэгээд шууд хуулийн төслөө чуулганы хуралдаанд оруулсан. Тэгэхээр Х.Ганхуяг гишүүний энэ үйлдэл санаатай, санамсаргүй юү гэдгийг мэдэхгүй байна. Ер нь сүүлийн өдрүүдэд ажиглахад эдгээр үйлдэл нь санаатай гэж хардаж байна. Надад мэдэгдээгүй энэ хариуцлагагүй үйлдлээс нь болж би үндэсний дайсан болж байна. Би хөрөнгө оруулалтын босго хувь хэмжээтэй холбоотой үг өгүүлбэр оруулаагүй, засаагүй, агуулгыг илэрхийлээгүй. Миний оролцоо боломжийг хангаагүй асуудал дээр үндэсний дайчин бол буруутгагдаж байгаадаа харамсч байна. Ийм явцуу бохир улс төр явж байгаад харамсаж байна. Энэ хуулийн төслийг санаачлагч, чиглүүлэгч, ахлагч Х.Ганхуяг гишүүн та ёс зүйтэй бай. Олон нийтэд хариуцлагагүй үйлдлийнхээ талаар зөв ойлголт өгч, тайлбар хийхийг шаардаж байна. Би цаашдаа энэ хуулийг төслийг татан авах санал гаргаж ажиллана гэдгээ мэдэгдье.

УИХ-ын гишүүн П.Анужин:

Хууль боловсруулагч Х.Ганхуяг болон боловсруулалцсан гишүүд ээ! Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутаг, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг хөндсөн, ноцтой зүйл заалтыг бусад хууль санаачлагчтай огт зөвлөхгүй, нэг ч хуралдаж танилцуулалгүй. Сэм оруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх учир шалтгааныг явцуу, хөгийн, ядмаг байдлаар томъёолон оруулж ирсэн, “Хуулийн хулгай”-аа эргүүлэн тат! Хуулийн өөрчлөлтийг дэмжиr гарын үсэг зурахад эдгээр зүйл заалт чинь байгаагүй шүү. Тийм учраас би Хулгай гэж хэлнэ.

Эндээс маш ноцтой дүгнэлт гарч байгаа юм.

Нэгдүгээрт, УИХ-ын гишүүд, бидний итгэлийг авч хууль тогтоож байгаа нөхдүүд юун дээр ч хамаагүй гарын үсэг зурдаг юм байна. Үзэгнийх нь үзүүрт бусдын эрх чөлөө, амь амьдрал, хөрөнгө мөнгө, хувь тавилан “Хууль” гэдэг хайрцагт багтаад байж байхад тэд юу хамаагүй гарын үсэг зурдаг ажээ. Өөрийнх нь нэр төрөөс бусдыг бол үзэж харалгүй, сонсч мэдэлгүйгээр “Гарын үсэг”-ээ зурах хүмүүс юм байна.

Хоёрдугаарт, хувийн жижигхэн эрх ашиг нь тэднийг ийм байдалд хүргэсэн байх талтай гэж хардах үндэслэл байна. Үнэхээр Д.Өнөрболор, П.Анужин нар “Хуулийн хулгай”-д өртсөн гэж үзэж байгаа бол шүү дээ!!! Тайлбарлая. 2021 оны Монгол Улсын төсвийг хэлэлцэж байх үед буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 2-нд МАН-ын бүлгийн хуралдааны талаар дарга Д.Тогтохсүрэн нь мэдээлэл өгсөн байдаг. Тэрээр сэтгүүлчдийн асуултад дараах байдлаар хариулж байжээ.

-УИХ-ын Тамгын газар нийт 500 гаруй ТББ-тай хоёр тэрбум төгрөгийн гэрээ хийсэн байна. Энэ асуудлыг бүлгээр хэлэлцсэн болов уу?

-Хувь гишүүний хувьд хэлэхэд УИХ-ын гишүүний төсөвт цалин, туслахуудын зардал, тойрогт ажиллах зардлаас бүрддэг. Биднээс өмнө эдгээр зардлуудыг заавал ТББ-гаар дамжуулна гэдэг журамтай болгосон юм билээ. Жишээ нь, бензины зардал авах байсан ч ТББ-аар дамжуулж авна. Бид энэ журмаар л явж байгаа.

-УИХ-ын гишүүн цалингаас гадна хэдэн төгрөг зарцуулах эрхтэй вэ?

-УИХ-ын гишүүн цалингаас гадна 250 сая төгрөг зарцуулах эрхтэй. Үүнд тойрогт ажиллах, хуулийн төсөд боловсруулах, ном хэвлэлийн, сургалт сурталчилгааны гээд олон зардал ордог.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн энэ өгүүлбэрээс л зарим зүйлсийг учир тайлагдаж байгаа юм. УИХ-ын гишүүд хуулийн төсөл боловсруулахын тулд судалгаа шинжилгээний ажил явуулна, судлаач хөлсөлнө, иргэдээр хэлэлцүүлнэ, туршлага судлана гэх зэргээр Д.Тогтохсүрэн гишүүний хэлснээр 250 сая төгрөгийг авдаг. Энэ мөнгөө авахын тулд ямар ч хамаагүй төсөлд гарын үсэг зурдаг гэж яригддаг. Тэгж байж ТББ-аараа дамжуулж 250 сая төгрөгөө захиран зарцуулах эрх нь УИХ-ын гишүүдэд үүсдэг гэсэн үг. Иймээс л хэний ч санаачилсан хамаагүй төсөл дээр гарын үсэг зурж, гагцхүү явцуу эрх ашгаа хангахын тулд “хууль санаачлагч” гэгдэж яваа хүн цөөнгүй бий болчихсон байж мэдэх нь.

Өөр бусдын том эрх ашиг, лоббид л орчихоогүй бол өөрсдөө мэдэлгүйгээр “гарын үсэг” зурах нь хувийн явцуу эрх ашиг гэж харахаас өөр арга алга. Яагаад гэвэл, Монголд хууль санаачлах эрхтэй 78-хан субъект бий. УИХ-ын 76 гишүүн, Ерөнхийлөгч, Засгийн газар. 2015 оноос хэрэгжиж эхэлсэн, 2020 оны тавдугаар сарын 7-нд шинэчилсэн найруулсан Хууль тогтоомжийн тухай гэсэн 11 бүлэг 53 зүйлтэй хууль Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэ бол хуулийн төсөл боловсруулахаас хууль тогтоомжийг батлан гарах хүртэл бүхий л харилцааг зохицуулсан хууль. Энэ хуулийн дагуу л Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл олон нийтэд танилцуулагдаж, санал авсан. Тэгээгүй бол УИХ-д орж ирээд хэлэлцүүлэгдэх боломжгүй. Тэгэхээр санаачилсан Д.Өнөрболор, П.Анужин нар өөрсдөө л гарын үсэг зурахдаа хуулийн төслийнхөө “агуулгыг тоогоогүй” байна гэсэн үг. Хэрэв тэдний гарын үсэг зурснаас өөр төслийг Х.Ганхуяг гишүүн УИХ-д өргөн барьсан бол нэг гишүүнийхээ бүрэн эрхэд, цаашилбал сонгогчдынх нь эрхэнд халдсан хэрэг болж тараах нь. Тиймээс л Д.Өнөрболор, П.Анужин нар “Хуулийн хулгай”-д өртөв үү, хувьдаа 250 саяыг халааслав уу? гэж асуугаад байгаа юм.

Related Articles

Back to top button