Uncategorized

А.Ариунзаяа: Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс даая

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл болон тэтгэврийн шинэчлэл тойрсон асуудлаар Хөдөлмөр нийгмийн хамгаалын сайд А.Ариунзаяатай ярилцлаа.

-ШУДАРГА ТОГТОЛЦОО БҮРДҮҮЛЭХГҮЙ БОЛ ЦААШИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН ДАМПУУРАХ АЮУЛТАЙ-

-Хэд хоногийн өмнө Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын даргад өргөн барьсан. Хуулийн төслүүдийн гол агуулга нь юу вэ. Яг ямар шинэчлэл хийх гэж зорьж байгаа юм бэ?

-Нийгмийн даатгалын багц таван хууль байна. Ерөнхий хууль, Тэтгэврийн хууль, Тэтгэмжийн хууль, Хувийн тэтгэврийн хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулга. Өөрчлөх хэрэгцээ шаардлага яагаад үүссэн юм бэ. Нийгмийн даатгалын хууль анх 1995 онд батлагдаж байсан. Түүнээс хойш 30-аад нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Цаг тухай бүртээ бага зэрэг засвар хийсээр өдий хүрсэн. Одоо бол нийгмийн хандлага, үүссэн байгаа хүлээлт бол тэтгэврийн тогтолцоог шинэчлэх шаардлага үүссэнийг ярьж байна.

Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчилж, олон давхаргат тогтолцоонд шилжинэ гэдэг агуулгуудыг 2015 онд Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогодоо, Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бичиг баримтдаа, 2021-2025 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө гэх мэтчилэн бодлогын бичиг баримтууддаа оруулсан.

Одоо байгаа тооцоо судалгааг үзэхэд маш их алдагдалтай, энэ алдагдлыг бууруулах, илүү шударга тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. Ингэхгүй бол цаашид дампуурлын аюултай шүү гэдгийг олон улсын судалгааны байгууллагууд сануулаад байгаа юм.

-Нийгмийн даатгал, Тэтгэврийн даатгалын сангийн асуудлыг шударга тогтолцоонд шилжүүлнэ гэлээ. Яг ямар өөрчлөлт хийвэл энэ систем өөрчлөгдөж, шударга болох юм бэ?

-Нийгмийн даатгалын тогтолцоо, тэтгэврийн тогтолцоо дэлхийд хоёр хувилбартай байдаг. Нэг нь хуваарилалтын тогтолцоо буюу яг өнөөдөр манайд хэрэгжиж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй хүмүүсийн орлого, шимтгэлээр тэтгэвэр тэтгэмж авч буй хүмүүсийн олговор олгодог. Нөгөөх нь хуримтлалын буюу тухайн хүн бүр өөрөө хуримтлалаа үүсгээд, нэрийн дансандаа бүртгээд, түүнээсээ үр шимээ хүртдэг тогтолцоо. Аль алинд нь давуу, сул тал байна. Нэгдүгээрт хуваарилалтын тогтолцоо буюу өнөөдрийн манай эв санааны нэгдэл дээр тогтсон тогтолцоо дэлхийн 130-аад улс оронд хэрэгжиж байна. Харин хуримтлалын тогтолцоо буюу хувь хүн дээр суурилсан тогтолцоог 40-өөд улс орон хэрэгжүүлдэг. Тэр дундаа Сингапур гэх мэт өндөр хөгжилтэй улс орнууд хэрэгжүүлдэг. Үүнийг өнөө цагийн залуус их шаардаж байна. Хүн өөрөө төлж буй шимтгэлээсээ үр шимээ хүртдэг байх, хамгийн гол нь өвлөгддөг байх шаардлагыг шаардаад байгаа юм. Аль аль тогтолцооных нь давуу болон сул талуудыг мэдэж байгаа учраас аль болох хослуулан, давуу чанаруудыг бий болгохын тулд Нийгмийн даатгалын багц хуулиа шинэчлэхээр оруулж ирсэн. Шинэчлэлээр гурван давхаргат бүтэц бүрдүүлээд, хувийн хуримтлалын тогтолцоог нь ч бий болгох боломжийг нээлттэй болгож байна. Нөгөө талдаа үе шаттай хагас хуримтлалын, бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжинэ гэсэн агуулгуудыг оруулж өгсөн.

-ТЭТГЭВРИЙН ШИМТГЭЛИЙН НЭГ ХУВИА НЭРИЙН ДАНСАНДАА МӨНГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЭНЭ-

-Багц хуулийн төсөл батлагдах юм бол иргэд хуримтлалын дансандаа тодорхой хэмжээний шимтгэл хуримтлуулаад явах боломж бүрдэнэ гэсэн үг үү?

-Тэтгэврийн шимтгэл дээр яг өргөн барьсан байгаа хуулийн хүрээнд тэтгэврийн шимтгэлийн нэг хувийг тухайн хүний тэтгэврийн нөөц сан дээр мөнгөжүүлэх, биетээр нь байршуулах тогтолцоог эхний ээлжинд дэвшүүлж байна. Цаашлаад байгалийн баялгийн сангаасаа иргэддээ тэгш хүртээмжтэй хуваарилах зарчмын концепц оруулж өгсөн.

Ингээд хүн бүрт тэтгэврийн нэрийн данс нээнэ. Тэр дансанд нь тэтгэврийн нэг хувийн шимтгэлийг нь мөнгөжүүлж, хуримтлуулаад, түүнийг нь үе шаттай нэмэх, байгалийн баялгийн сангаас нэмэлт орлогуудыг нь оруулаад явна. Биетээр мөнгөжиж үлдэж байгаа учраас зөвхөн банкуудад хадгалаад хүүгийн орлого аваад байж болохгүй. Эрсдэлтэй учраас хөрөнгө оруулалтын зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай байна гэж ярьж байна. Тиймээс хөрөнгө оруулалтын зарчмуудыг нь ч гэсэн нээлттэй болгож өгч байна. Эцэстээ мөнгөн хуримтлалаар нь нэрийн дансанд мөнгөжөөд үлдэж байгаа хэлбэрийг нас барах юм бол ар гэрт нь тодорхой хэмжээгээр өвлүүлэх боломжийг нээлттэй болгож өгч байна.

-Багц хуулийн төслийг хэдийгээр УИХ-аар хэлэлцэх вэ?

-УИХ-д өргөн барьсан. Хууль тогтоомжийн тухай хуулийнхаа дагуу УИХ-ын дүрэм журмынхаа үе шатаар эхлээд Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцээд, хэлэлцэх эсэхийг нь шийднэ. Дараа нь УИХ-аар хэлэлцэнэ. Тэгээд ажлын хэсэг дахиад гарна. Энэ долоо хоногийн хувьд хуваарьт ороогүй байна билээ. Ойрын хоёр долоо хоногт хэлэлцэх эсэх нь шийдэгдээд, намрын чуулгандаа багтааж хэлэлцэж, батална.

-МАЛЧИД МАНАЙ НИЙГМИЙН 30 ХУВИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА-

-Монгол Улсын иргэдийн хэдэн хувь нь нийгмийн даатгал төлдөг юм бэ. Энэ тоо жилээс жилд багасаж байгаа юу, хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

-Монгол Улсад 1.2 сая иргэн ажиллах хүчний тоонд ордог. Түүний 85 хувь нь албан ёсны хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд, хамрагдаад явж байна. Цаана нь албан бус сектор, нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөггүй, дийлэнх нь малчин иргэд ороод байдаг. Тиймээс хамрагдалтаа сайжруулахын тулд малчдад зориулсан бодлогыг илүү сайн явуулах хэрэгтэй.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хууль өнгөрсөн жил, энэ жил үргэлжлээд хэрэгжиж байна. Энэ оны 12-р сарын 31-нээр хуулийн үйлчлэх хугацаа дуусч байгаа. Тэгэхээр малчдыг ч гэсэн тодорхой хэмжээнд нийгмийн даатгалд нь хамруулж байж сая нийгмийн хамгаалал нь бүрдэж байдаг. Нийгмийн даатгалын багц хуульдаа шинээр ямар заалт оруулсан бэ гэхээр малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс даая. 50 хувийг та өөрөө даа гэж байгаа юм. Ингээд нийгмийн даатгалын харилцаагаа тогтмолжуулаад, хамрагдалтаа сайжруулъя гэсэн концепц оруулсан.

-Малчдыг хэтэрхий өөгшүүлж, даврааж байна гэж шүүмжилдэг шүү дээ?

-Малчид маань манай нийгмийн 30 хувийг бүрдүүлж байна. Томоохон бүлэг. Малчдын нийгмийн хамгаалал төр засгийн нуруун дээр яалт ч үгүй байгаа учраас халамжийн тэтгэмж өгч байхаар нийгмийн даатгалын шимтгэлд нь хамруулаад албан ёсны бусад үр шимийг нь хүртээх нь чухал байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлж байхад үйлдвэрлэлийн ослын тэтгэмж авдаг. Ажлаа хийж байгаад гэнэтийн осолд өртвөл тэтгэмж олгодог. Малчдын хувьд ажлын байр нь бэлчээр, малын хот байдаг. Мориноосоо унах юм бол үйлдвэрлэлийн ослын тоонд орно. Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг зөвхөн өндөр насанд үр шимийг нь хүртдэг юм биш. Өдөр тутамдаа үр шимийг нь хүртдэг. Эмэгтэйчүүдийн хувьд жирэмсний тэтгэмж авдаг. Хөгжлийн бэрхшээлтэй болох юм бол тахир дутуугийн тэтгэмж, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжүүд авдаг. Хүндээ маш энэрэнгүй ээлтэй систем. Хүмүүс өнөөдөртөө үр шимээ хүртэхгүй байгаа учраас хэрэггүй гэж буруу боддог. 2020 онд 665 мянган иргэн Нийгмийн даатгалын сангаас нийт 2.4 их наядын тэтгэмж, тэтгэвэр авсан байна. Өндөр насны тэтгэвэр нь бага хувийг эзэлж байна.

-НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ЯДАЖ 19 ХУВЬД ХҮРГЭХ ЁСТОЙ-

-1.2 сая иргэний 85 хувь гэхээр сая орчим иргэн нийгмийн даатгалаа төлдөг юм байна. Тэгвэл эргээд тэтгэвэр, тэтгэмж авдаг хүмүүсийн тоо ямар байна вэ?

-Төрөл төрлөөрөө өөр. Тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр 350 мянган хүн авч байна. Үүн дотор зөвхөн өндөр настныхаас гадна цэргийн тэтгэвэр, олон хүүхэдтэй эхчүүд, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарсан иргэд багтдаг. Тахир дутуугийн тэтгэвэр 65 мянга, тэжээгчээ алдсаны тэтгэвэр 19 мянга, цэргийн тэтгэвэр 19.5 мянган хүн авдаг. Зөвхөн тэтгэврийн даатгалын сангаас. Нийтдээ 450 мянган хүн тэтгэврийн сангаас тэтгэвэр авч байна. Цаана нь тэтгэмжийн даатгал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний сан гэх мэт дөрвөн сан байна.

-Тэтгэврийн даатгалын сан алдагдалтай байгаа. Алдагдалтай байгаагийн гол шалтгаан нь юу юм бэ?

-Тэтгэврийн даатгалын сангийн хувьд анх 1995 онд хууль батлагдаж байхад шимтгэл нь 19 хувь байсан. 2008 онд эрс бууруулаад 14 хувьд хүргэсэн. Гэтэл тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тоо буураагүй. Тэгээд 2008-2018 онд 14 хувь хэвээрээ байсан. Энэ хугацаанд хуульд 30-аад нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэмэлт өөрчлөлтүүд нь дандаа зарлага талыг нэмэгдүүлсэн өөрчлөлт. Хөнгөлөлтэй нөхцөлөөр тэтгэвэрт гарч байгаа иргэд их. Өндөр насны тэтгэврээ тогтоолгож байгаа хүмүүсийн 52 хувь нь хөнгөлөлттэй нөхцөлөөр, 48 хувь нь ердийн нөхцөлөөр тогтоолгож байна. Тэгэхээр энэ шударга бус байгаа биз. Нөгөө талдаа шимтгэл нөхөн төлөх, хамралтаа нэмэгдүүлэхийн тулд малчид шимтгэлээ нөхөн төлөх одоо үйлчилж байгаа хуулиас гадна 2017 онд хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх хуулийг баталж байсан. Тухайн үед маш олон иргэн хамрагдсан. Төлөх үедээ төлөөгүй, тэгээд сүүлд бага зэрэг шимтгэл төлөөд маш олон хүн тэтгэвэрт гарснаар орлого тал нь нэмэгдээгүй мөртлөө зарлага тал нь нэмэгдсэн. Орлого, зарлагын хоорондын зөрүү нь их өндөр. Одоо бол алдагдал, Дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьтай тэнцэж байна. Цаашдаа дорвитой өөрчлөлт хийхгүй бол алдагдал нь 2040-2045 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувьтай тэнцэх болно. Энэ бол бүрэн дампуурлын шинж тэмдэг. Иймээс наана нь бодлогын өөрчлөлтүүд оруулах ёстой.

Хувь хэмжээтэй холбоотой асуудлаар ОУВС-д Монгол Улс 2018 онд нэгдэж байхад тухайн үед судлаачид, зөвлөхүүд нь тэтгэврийн шимтгэлээ нэмэгдүүл гэж зөвлөж байсан. Эргээд ядаж 1995 оны анхны гарааны түвшиндээ буюу 19 хувьд хүргэ гэх шаардлага тавьж байсан. Төр засгийн бодлого шийдвэр гаргагчид үе шаттай нэмэгдүүлэх шийдвэр гаргаад 2019 онд 17 хувьд хүргээд, 2021 онд 19 хувьд хүргэх бодлогууд гаргасан. Цар тахлын үед яах аргагүй нэмэгдүүлэх боломжгүй учраас эргээд 17 хувь дээр нь барьж байна.

-Хахууль өгч байгаад тэтгэвэрт гарах материалаа бүрдүүлдэг гэх мэт асуудал их гардаг юм шиг байна билээ. Баян-Өлгийн эмч нар хахууль авч групп тогтоодог байсан асуудал гарсан. Энэ бүхнийг яаж цэгцлэх ёстой юм бэ?

-Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа хөдөлмөрийн чадвар алдалтын хувьд хяналт шалгалтын ажлаа явуулж байна. Баян-Өлгий аймгий алдаатай кейс байна. Сүүлийн хоёр гурван жил ярьж байна. Ямар нэг шүүхийн эцсийн шийд гарахгүй байна. Эрүүл мэнд, магадлан комисс хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоодог. Группыг нэг хүн биш олон хүн тогтоодог. Гэсэн хэдий ч дундуур нь хүний нөлөө ороод байгаа нь илтэд харагдаж байна. Бид 90 мянган хүний материалыг шалгуулахаар ажлын хэсэг гаргасан. МХЕГ,ЦЕГ, АТГ-ыг ч гэсэн оролцуулаад хяналт шалгалт хийж байна. Эхний ээлжинд 19 мянган хүний материал шалгаж дууссан. Үүнээс 360-аад хүний материалыг дахин шалгуулахаар цагдаад шилжүүлж байна. Цаашдаа илүү хяналттай, хариуцлагатай байх шаардлага үүссэн. Нөгөө талдаа хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эргэж харах бодлого барьж байна. Миний гар эргээд ургахгүй, эрхтэн эргээд бий болохгүй, саажилттай хүүхэд эргээд босохгүй байхад яах гээд хоёр, гурван жил тутам хүндрэл учруулаад дуудаад байдаг юм бэ гэж иргэд шүүмжилж байна. Тиймээс ажлын хэсэг ажиллаад урт хугацаагаар групп тогтоохоор ажиллаж байна.  Гэхдээ эрүүл мэндийн үзлэгтээ заавал хамрагдах ёстой гэсэн нөхцөл шалгуур тавина.

Тэтгэвэр тогтоох асуудлын хувьд тухайн нийгмийн даатгалын байцаагч нь өөрөө ямар нэг байдлаар давуу байдал үүсгэх, тоо засах боломж нь уг нь байхгүй. Харин ямар бичиг баримт бүрдүүлж, яаж тэтгэврээ тогтоолговол өндөр тэтгэмж авч болох талаар мэдээл өгч байгаа. Энэ бол хувь хүний нөлөөлөл. Тэгэхээр үүнийг цахимжуулалтын аргаараа л засна. 1995 оноос хойших бичиг баримтуудаа бүгдийг нь цахижуулаад архивжуулчихсан. 1995 оноос өмнөх манайд байгаагүй, Архивын ерөнхий газарт байсан учраас Архив тэр баримтуудаа бас цахимжуулах хэрэгтэй. Хүн цахимаар өөрийнхөө мэдээллийг харчихдаг, тооцоолоо хийчихдэг байвал  сая хүний нөлөөлөл байхгүй болно гэж үзэж байна.

-Тэтгэвэр тогтоохдоо дараалсан долоон жилийн дунджаар тогтоодог болсон. Үүнийг таван жил болгох ёстой гэж бас их шүүмжилцгээх юм. Үүний давуу тал, сөрөг тал нь юу юм бэ?

-Багаар төлж байгаад таван жил нь өндөр төлөөд тэтгэвэр тогтоолгодог байдал байсан. Үүнийг мэдээгүй, маш хариуцлагатай, нийгмийн даатгалын шимтгэлээ цаг тухай бүрт нь цалингаасаа төлөөд явж байсан хүмүүс эсрэгээрээ хохироод байна. Хэн урт хугацаандаа тогтвор суурьшилтай сайн төлнө, тэр нь тэтгэврээ өндөр тогтоолгож, тэр нь үр шимийг нь хүртэж байх ёстой. Түүнээс биш илүү мэдээлэлтэй, мэргэн байснаараа таван жил өндөр  төлчихөөд өндөр тэтгэвэр тогтоолгох нь шударга бус юм гэдэг агуулгаар 2015 онд Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогоо батлахдаа 2030 он гэхэд 10 жил болгоно гэдэг бодлого батлуулсан. Одоо бол долоон жил гэдгээрээ явж байна. Нийгмийн даатгалын багц хуулиудад хэн илүү урт хугацаандаа тогтвортой төлж байна тэр нь илүү өндөр хувиар тэтгэврээ тогтоолгож байх зарчим оруулж байна. Шударга бус байдлыг л бид арилгах ёстой. Энэ нь эргээд нийгмийн даатгалын алдагдлыг бий болгоод байгаа юм.

-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж эргээд таван жилийн дунджаар бодох хуулийн төсөл өргөн барьсан байна билээ?

-Тэгсэн байсан. Харсан.

-200-ААС ДЭЭШ МАЛТАЙ МАЛЧИН ӨРХҮҮД ЯДУУСЫН ТООНД ОРОХОО БОЛЬСОН-

-2037 он гэхэд эрэгтэйчүүд, 2057 он гэхэд эмэгтэйчүүд 65 насандаа тэтгэвэрт гарах юм байна. Тэтгэврийн насыг жил бүр гурван сараар нэмснээр ийм болох юм уу?

-Одоо хэрэгжиж байгаа хууль. 2057 онд гэхээр 1992 онд төрсөн эмэгтэйчүүд 65 насандаа тэтгэвэрт гарна. Эрэгтэйчүүдийн хувьд 1977 онд төрсөн эрэгтэйчүүд 2037 онд 65-тайдаа тэтгэвэрт гарна гэсэн үг. 55-тай, 60-тай тэтгэвэрт гарах эрх нь нээлттэй. Гэхдээ илүү урт хугацаандаа хариуцлагатай төлсөн хүмүүс өндөр хувь хэмжээгээр тэтгэвэр тогтоолгоно гэдэг нь хэвээрээ мөрдөгдөнө.

-Насыг нь ингэж хойшлуулаад байхаар шимтгэл төлөх иргэдийн сонирхол нь багасаад байх юм биш үү?

-Өнөөдөр 2021 он. Сүүлийн арван жилийг аваад үзэхэд дундаж наслалт нэмэгдсэн. Одоо ч гэсэн бусад өндөр хөгжилтэй улс орнуудад дундаж насжилт маш өндөр байна. Тэтгэвэртээ гарсан хойноо 30-40 жил тэтгэвэр авч байна. Сүүлдээ ажил хийснээсээ илүү олон жил тэтгэвэр авч байна. Насжилт Монгол Улсад ч явагдана. Өнөөдөр хэдийгээр эрүүл мэндийн тогтолцоо муу, хүнд хэцүү байна гэж байгаа ч хөгжил угаасаа ирнэ. 2057 онд өнөөдрийн дундаж наслалт хэвээрээ байна гэдэгт итгэхгүй байна. Бид хувьсан өөрчлөгдөж байна. Тэр үедээ 65-тай хүмүүс бараг залуудаа ордог болсон байх вий. Тэгэхээр тооцоо судалгаанд сурилсан энэ бодлого хэвээрээ үргэлжлэх ёстой. Тэтгэврийн нас одоо жилд гурван сараар л нэмэгдэж байна.

-Одоо халамжаас хөдөлмөрт шилжинэ гэж байгаа. Энэ чиглэлээр яг ямар тодорхой ажлууд хийж байна вэ?

-Салбарын бодлого маань улс орны халамжаас хөдөлмөрт шилжье гэдэг том лоозон болчихоод байна. Өнөөдөр халамж хэн хүртэж байна тэдгээр хүмүүсийг хэрхэн хөдөлмөрт зуучилж, хөдөлмөр эрхлүүлэх вэ гэдэг үндсэн концепц бий. Нэгдүгээрт хүнс тэжээлийн дэмжлэг авч буй иргэд бий. 250-аад мянган хүн байсан. Аймаг, сум, хороодын засаг дарга нар сайн ажиллаж, хөдөлмөрт зуучилж байна. Мөн хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд шинэчлэл хийсэн. 200-аас дээш малтай малчин өрхүүд ядуу өрхийн тоонд орохоо больж, чинээлэг, дундаж давхарга руу орж байна. Тиймээс хүнс тэжээлийн дэмжлэгээс хассан. Хоёр удаа ажлын байр санал болгоё. Нэг удаа санал болголоо, сургалаа. Хоёр дахь удаагаа санал болгоход татгалзвал төр үүрэг хүлээхгүй. Тухайн хүн өөрөө хичээх ёстой гэдэг агуулгаар хөдөлмөр эрхлэлтийг илүү сайн дэмжье гэдэг бодлого явуулж байна.

-ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫ 100 МЯНГАН ХҮН ХҮНСНИЙ ДЭМЖЛЭГ АВЧ БАЙНА-

-Хүнс тэжээлийн дэмжлэг авч байгаа хөдөлмөрийн насны хэчнээн хүн байгаа вэ?

-Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 20 мянган иргэн хүнсний дэмжлэг авахгүй байна. Хүүхэд, хөгшчүүдийг хөдөлмөр эрхэл гэж шахаад байх вий гэдэг асуудал ярьж байна. Мэдээж хөдөлмөрийн насны, хөдөлмөр хийх боломжтой хүмүүсийн хувь д хамаатай. Ингэхээр 100 гаруй мянган хөдөлмөр эрхлэх боломжтой иргэд хүнс тэжээлийн дэмжлэг авч байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй хөтөлбөрүүдээ өргөжүүлье. Эмэгтэйчүүдэд чиглэсэн тусгайлсан хөтөлбөр гаргая гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоо бас зорилтот бүлгийн залууст чиглэсэн “Оролцоо” төсөл хэрэгжиж байна. 18-34 насны ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа залуусыг хоёр долоо хоног сургаад, хоёр долоо хоног үйлдвэрлэлийн дадлагад гаргаад ажлын байранд зуучлах төсөл амжилттай хэрэгжиж байна. Ирэх жил ч гэсэн хэрэгжүүлнэ.

-Хүнс тэжээлийн дэмжлэгийг хороодын засаг дарга, ажилтнууд авдаг байсан гээд мэдээллүүд гараад байдаг. Үнэн юм уу?

-Хорооны нийгмийн ажилтнууд авсан байна гээд байсан. Ер нь бол яг авсан тоон мэдээлллийг хэлж мэдэхгүй. Хорооны нийгмийн ажилтан саяхан л цалин хөлстэй болж байгаа. Өмнө нь зарим ажилтнууд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр л цалинжиж байсан. 2019 оноос цалинжиж эхэлж байна. Адилхан л зорилтот бүлгийн хүн байх магадлал байгаа учраас тухайн хүн өөрөө тэр комисстоо ороогүйгээр амьжиргаа дэмжих зөвлөл нь шийдвэр гаргаад оруулсан бол нэг өөр. Хэрэв өөрөө нөлөөлөөд, дотор нь багтаад, өөрийгөө оруулсан бол энэ ёс зүйн асуудал. Мэргэжлээр нь ялгаварлах асуудал байхгүй.

Эх сурвалж: eguur.mn

Related Articles

Back to top button