Uncategorized

ИХ ДУУЛГА: Ц.Цогтбаатар алтан медаль хүртлээ

Абу Дабигийн Их дуулга тэмцээний хоёр дахь өдөр олимпийн хүрэл медальт Цэнд-Очирын Цогтбаатар алтан медаль хүртлээ. Ц.Цогтбаатар алтан медалийн төлөө Узбекистаны бөхтэй барилдаж, ялалт байгуулав.

 Ийнхүү 2021 оны -73кг жингээ тэргүүлсэн амжилтыг үзүүлж, Дэлхийн Жүдо бөхийн холбооноос олгодог 50.000 ам.доллар мөнгөн шагналыг хүртэх болзлоо хангалаа.

Тэмцээний эхний өдөр  манай тамирчдаас Ё.Басхүү, Б.Хорлоодой, Л.Энхрийлэн нар хүрэл медаль хүртээд байсан бол Ц.Цогтбаатар  анхны алтан медалийн эзэн боллоо.

  • Цэнд-Очирын Цогтбаатар нь 1996 оны 10 сарын 16-нд төрсөн. Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул иргэн.
  • Ц.Цогтбаатар 2013 онд АНУ-ын Майами хотноо болсон өсвөр үеийн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн. 
  • 2014 оны УАШТ-ий эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 40 бөх өрсөлдснөөс Ц.Цогтбаатар тодорч, хүрэл медаль хүртсэн юм.
  • Тэрбээр 2015 онд 19 настайдаа нэр хүнд, чансаагаараа ДАШТ-ий дараа эрэмбэлэгддэг залуучуудын дэлхийн аварга шалгаруулах Абу Дабигийн “Их дуулга”-аас мөнгөн медалийг эх орондоо авчирч байсан.
  • 2016  онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Хүрэл медаль хүртсэн.
  • Ц.Цогтбаатар “Рио 2016” олимпын наадамд 60 кг-д барилдаж, гуравдугаар тойрогт дэлхийн аваргын хошой хүрэл медальт БНСУ-ын Ким Вон Жинд ялагдан тэмцээнээ өндөрлүүлж байсан юм.

Ийнхүү 2016 оны Риогийн олимпод ялагдчихаад уйлаад сууж байсан Монгол хүү дэлхийн хэмжээний жүдоч болсон гэдгээ зарлан тунхаглаж чадлаа.

ОУХМ Ц.Цогтбаатар 2021 оны гуравдугаар сард Ташкент болон Тбилисийн Их дуулгад түрүүлж, нэг сард хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар олимпыг зорьсон юм. Тэрбээр олимпыг зорихоос хоёрхон сарын өмнө бүл нэмж анхны хүүхдээ өлгийдөн авчээ.

Амжилт:

– Азийн аваргын алт, хүрэл,

– Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгө,

– Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний 3 алт, 2 мөнгө, 7 хүрэл медалийн эзэн

– Улсын 4 удаагийн аварга

Монголын жүдочид “Мюнхен – 1972” олимпоос эхлэн нийт 11 удаагийн наадамд оролцож, 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн түүхтэй.

Related Articles

Back to top button