Uncategorized

Монголын жинхэнэ “дайсан” хэн бэ!

Тав хоногийн өмнө Монголын Засгийн газар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлыг албан ёсоор эхлүүлэхээр гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулжээ. Төслийг Хятадаас хөнгөлөлттэй зээлж буй нэг тэрбум ам.долларын 271 саяар нь санхүүжүүлэхээр болсон байна. Гадаадын гар хөл болсон манай “эх орончид”, “байгаль хамгаалагчид” гацаачихгүй бол жилдээ 366 сая кВт цахилгаан үйлдвэрлэж, баруун бүсийг эрчим хүчээр хангалттай хангах гэнэ. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын төслийг албан ёсоор эхлүүлэхээр болсон нь Л.Оюун-Эрдэнэ өөр дээрээ том гал дуудаж, том эрсдэл хүлээж байна гэсэн үг. Хагас зуун жил гацсан, гацаасан төсөл шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ зоригтой бол “эх орончид” ч чацга алдана.

Зургаан жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах уг төслийг эхлүүлснээр Монголын парламентад суугаа манай “дайсан”-уудаас ил, далд дарамт, дайралт зөндөө ирүүлэх байх. Гэвч эдийн засгаа байнга хорлодог, улсаа худалддаг хуурамч эх орончдоос алийн болгон айж эмээх билээ. Эрдэнбүрэнгийн цахилгаан станцыг барина гэж 1960-аад оноос эхлээд ярьсан гэхээр.

Нэг.

Монголд шатахууны хомсдол нүүрлэхтэй зэрэгцээд Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн цахилгаан эрчим хүчийг энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд хязгаарлах тухай “Монцамэ”-д орон нутгаас мэдээлжээ. ОХУ-ын “ФСК-ЕЭС” компаниас Чадан дэд станцаас тэжээгддэг 110 кВтын С-458 цахилгаан дамжуулах агаарын шугамд урсгал засвар хийхээр болсон тул баруун аймгийнхан гурвын гурван хоног тоггүй байх нь. Бидний хайрт ах Путины барьж буй “бэлэг” нэг иймэрхүү.

Уг нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг аль эрт тавьчихсан бол энэ мэт асуудал үүсэхгүй байв. Дөргөний УЦС-ын цахилгаан импортын цахилгааны үнээс 6-7 дахин хямд гэвэл Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг барьчихвал эл мөнгө гадагшаа урсахгүй. Орон нутагт ажлын байр бий болно. Усалгаатай газар тариалан хөгжүүлэх ч боломжтой.

Үндсэндээ, эх оронч, байгаль хамгаалагч нэр зүүсэн манай дайснуудын хорлол эдийн засгаа сүйрүүлж дуусч байна. Тавантолгойн болон тавдугаар цахилгаан станц, Эгийн гол, Багануурын гээд эрчим хүчний төслүүдийг гацаагчид нь дандаа монголчууд, орон нутгийнхан өөрсдөө. Төмөр замын төслийг гэхэд экс Ерөнхийлөгч Х.Баттулга хэчнээн жил гацаалаа даа. 

Шатахуун хомсдлоо, ачаа тээвэр гацлаа л гэнэ. Бид хүртэх ёстойгоо хүртэж байгаа хүмүүс шүү дээ. Монголыг хорлодог, худалддаг популистуудаа толгой дээрээ гаргасны үйл лайг өнөөдөр улсаараа эдэлж байна. Харин ч яаж Ц.Даваасүрэн, С.Ганбаатарын үгэнд ороод, Оюутолгойгоо хөөчихөөгүй юм бэ. Тэгсэн бол өдийд шатахууны хомсдол дээр цалин, тэтгэврээ яаж тавих вэ гэж Л.Оюун-Эрдэнэ толгойгоо гашилгаж суугаа.

Хоёр.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нүүр номдоо  сайдууд попролгүй ажилдаа эзэн болохыг сануулжээ. Гээд түүнийг давах попчин Монголд цөөхөндөө. Тахиа гурвантаа донгодохоос өмнө Л.Оюун-Эрдэнээс хамгийн түрүүнд урваж чадах хүн бол Ц.Даваасүрэн.  Цаанаа засгийг огцруулж, сайд болох санаархалтай байхыг ч үгүйсгэхгүй. Үнэндээ Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ гээд Монголын парламентад популизмын загалмайлсан эцгүүд сууж байгаа нь бидний тавилан байх.

Уг нь эдийн засагт учруулсан гай, гавьяаг нь жингийн тухай дээр дэнслэх юм бол тэд гудамжинд, эсрэгээрээ М.Энхсайхан, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нар төрийн ордонд сууж байх ёстой юм.

Австралийн Элчин зөвлөхөөр явснаа “цөллөгтэй” зүйрлэж буй Ж.Батзандангийн Монголын эдийн засаг, улс төрд учруулсан хор хохирол хэдэн жилээр ч үргэлжлэх байх. Гэвч энтертаймент байхад эдийн засгаар яах вэ дээ. Хошин шогоо үзээд хоолгүй хонохдоо ч гудийхгүй, гунихгүй народ шүү дээ, бид.

Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд болонгуутаа Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалтыг бүтэн хоёр жил нам гацаасан.

Мэдээж М.Энхсайханы толгойноос илүү сэтгэж чадахгүй учраас түүний боловсруулсан ТЭЗҮ-гээр Тавантолгойн цахилгаан станцыг барихаас өөр аргагүй болсон. Уг нь М.Энхсайхан 450 мВт хүчин чадалтай станцыг 1.2 ам.доллараар барихаар төсөл хэрэгжүүлж байсан юм. Гэтэл Ц.Даваасүрэн яг ийм үнээр 300 мВт цахилгаан станц барихаар болгочихсон байдаг. Оюутолгой цахилгаанаа одоогоор Хятадаас авч байгаа. Тэгэхээр Ц.Даваасүрэн М.Энхсайхан хоёрын хэн нь жинхэнэ эх оронч байна вэ.

Гурав.

Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын өнгөрсөн 10 гаруй жилийн улс төрийн үр дүн нь өнөөдрийн эдийн засгийн тэг зогсолт. Экспорт, импортын гацаа бол Х.Баттулгын хийсэн ажлын гай. Энэ хорлол эдийн засагт асар том хохирол авчирсан. Л.Наранбаатар хэлдэг 10 тэрбум ам.доллар бол цаашаа гэсэн үг. Харин чиг Монголд урдаас танк бус хойноос ковид орж ирсэн дээ.

Урагшаа тавьж буй төмөр зам бол дотогшлох долларын урсгал байсан. Ирэх оны долдугаар сард төмөр зам ашиглалтад орлоо гэхэд бас бөөн асуудал үүснэ. Нүүрсээ буулгаж ачих байгууламжаа барихгүй бол Монголыг өргөн царигтай төмөр замаар хэрээд ч эдийн засгийн үр ашиг муутай. Монгол угаасаа үйлдвэрлэгч орон биш хэрэглэгч улс. Сайншандын аж үйлдвэр баригдсан бол бас л нэг “живсэн” хөрөнгө болох байсан даа.

Уг нь урагшаа нарийн царигтай, хойшоо өргөн царигтай төмөр зам барих УИХ-ын тогтоол бий. Гэвч Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Зүүнбаян, Гашуунсухайтын төмөр замыг өргөн царигаар барьж эхэлсэн. Нарийн царигтай төмөр зам тавьчихсан бол шатахуунаа урдаас асуудалгүй оруулж ирэх боломжтой байв.

Нүүрсээ Хятадын нарийн царигтай төмөр замаар зөөвөрлөхийн тулд ачиж, буулгах байгууламж барих шаардлагатай болсон. Жижиг эдийн засагтай Монголд бас бөөн зардал. Дээр нь жинхэнээсээ байгаль экологид хортой. Гэтэл манай “байгаль хамгаалагчид” нь таг чиг. Байгаль нуурт санаа зовж суухаар энэ мэт асуудлаар тэмцдэг бол Монголын эрх ашиг, эдийн засагт илүү дэм тус болох юм шүү дээ.

Шатахууны үнийн хомсдол Монголын популизмын трейлер. Цаашлаад их юм үзнэ ээ, жинхэнэ бүсээ чангалахад хүрэх байх. Тэгсэн нь бараг дээр. Тэгж байж л бид, Монголын жинхэнэ дайсан хэн бэ, нөхөд, ноход хоёроо таньж авна.

Дөрөв.

М.Энхболдыг явуулснаар нар баруунаас гарч, цементэн дээр цэцэг ургана гэж монголчууд төсөөлсөн. Гэвч М.Энхболдыг явснаар юу ч өөрчлөгдсөнгүй. Энэ нь Л.Оюун-Эрдэнийг явуулаад ч юу ч өөрчлөгдөхгүй гэсэн үг.

Тохиол нь юм уу, тавилан нь юм уу Л.Оюун-Эрдэнэ хамгийн хүнд цаг үед Ерөнхий сайд хийж байна. Одоо яана гэх вэ, ажил хийвэл дуустал гэж үгтэй. Эрүүл мэнд, эдийн засаг, гадаад харилцааны хүнд сорилттой Монгол Улс нүүр туллаа. Тиймээс томоохон төслүүдээ хөдөлгө, Эрдэнэбүрэн, Эгийн голын цахилгаан станцуудаа барьж, газрын тосны үйлдвэрээ ашиглалтад оруул, цахилгаан, дулааны үнийг чөлөөл. Эрчим хүч, газрын тосны хувьд гадаадаас хараат байх ёстой. “Эх орончид”-тойгоо монголчууд хэт сүжирч, тэдний шантааж, шахалтад автах тусам эдийн засаг улам л уруудна гэсэн үг.

Эх сурвалж: news.mn

Related Articles

Back to top button